САНАМЖ: Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Соломон Инвестментс ББСБ” ХХК /цаашид “ББСБ” гэх/-ийн “М Кредит” /“M Credit”/ зээлийн аппликэйшнд таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг зээлийн нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм.
Энэ үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч болон “Соломон Инвестментс ББСБ” ХХК-ийн хооронд үйлчилгээтэй холбогдох гэрээний харилцааг үүсгэж, гэрээний адил хэрэгжих бөгөөд та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч үйлчилгээ авснаар “Соломон Инвестментс ББСБ” ХХК-д таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрөл өгсөнд тооцох тул та үйлчилгээ авахаас өмнө энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцана уу. Хэрэв та үйлчилгээг авахдаа итгэлгүй байгаа бол танд дахин бодож үзэхийг зөвлөж байна.
““М Кредит” зээлийн аппликэйшн нь таныг танилт нэвтрэлтийн систем /ДАН/-ийн тусламжтайгаар таньж баталгаажуулах ба тус системд та өөрөө нэвтрэн зөвшөөрч илгээсэн цахим үнэмлэхний мэдээлэл нь "М Кредит" системд бүртгэгдэнэ.
“М Кредит” зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн дөрвөн орон бүхий баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД” хэсэгт оруулан “БАТАЛГААЖУУЛАХ” товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.
1. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГҮҮЛЭХ МЭДЭЭЛЭЛ
Анхааруулга: Та үйлчилгээний ерөнхий нөхцөлийг зөвшөөрснөөр таны хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулах, боловсруулах, ашиглуулах зөвшөөрлийг ББСБ-д өгсөнд тооцох болно.
Та “М Кредит” аппликэйшнийг “Google play store” болон “Apple store”-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар манай аппликэйшнийг ашиглах боломжтой болно.Бүртгүүлэхэд шаардлагатай мэдээлэлд:
- Гар утасны дугаар
- Овог, нэр
- Регистрийн дугаар
- Иргэний үнэмлэх
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт
- Зээлийн мэдээллийн сангаас Зээлийн мэдээлэл
Таныг “М Кредит” аппликэйшнд бүртгүүлсний дараа таны найзын хүрээллийг тодорхойлох, мөн хэрэглэгчийн холбоо барих жагсаалт, байршлын мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж зээлийн эрхийг тогтоох болон өөрийн идэвхитэй ашиглаж буй утаснаас хандаж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор таны зөвшөөрлийн дагуу доорх мэдээллүүдийг хүлээн авч, өөрсдийн мэдээллийн сан болох “М Кредит” системд хадгалах болно. Үүнд:
- Хэрэглэгчтэй холбоо барих мэдээлэл,
- Холбоо барих жагсаалт,
- Байршил,
- Цахим шуудангийн хаяг /email/,
- Фэйсбүүк /Fabebook/-ийн нэр, бүртгэлийн дугаар, бүртгэлтэй цахим шуудан,
Зээлийн эрх тодорхойлсны дараа Зээлийн гэрээ байгуулсан тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтийн дагуу Зээлийг түргэн шуурхай олгох, зээлийн эргэн төлөлтийг цаг алдалгүй хугацаанд нь хийлгэх зорилгоор хэрэглэгчийн дараах мэдээллийг цуглуулж, ашиглана. Үүнд:
- Банкны дансны мэдээлэл;
- Хэрэглэгч зөвшөөрсөн тохиолдолд Банкны картын мэдээлэл.
“М Кредит” аппликэйшн нь таныг барьцаатай зээлийн хүсэлт илгээх үед таны илгээсэн зургийг ашиглан барьцаа хөрөнгийг үнэлэх, зээл олгох шийдвэр гаргах зорилгоор барьцаа хөрөнгийн зураг болон мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
2. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРСНӨӨР “СОЛОМОН ИНВЕСТМЕНТС ББСБ” ХХК-Д ДАРААХ ЗӨВШӨӨРӨЛ, ЭРХИЙГ ОЛГОНО
- Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах.
- Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
- Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах.
- ББСБ нь цуглуулсан мэдээллийг ашиглан хэрэглэгчийг тодорхойлох боломжгүй болгож эрдэм шинжилгээ, нээлттэй өгөгдөл, статистикийн мэдээлэл бэлтгэх.
- Таны фейсбүүкийн нэр, бүртгэлийн дугаар, цахим шуудан болон холбоо барих мэдээллийг бүртгэж мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор дүн шинжилгээ хийхэд ашиглах.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг ББСБ-ийн “М Кредит” зээлийн аппликэйшний үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглах бөгөөд түүнчлэн “М Кредит” зээлийн аппликэйшн болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд мөн ашиглах.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хүрээнд ББСБ нь цуглуулсан таны хувийн мэдээллийг мэдээллээ устгуулах хүсэлт гаргах, эсхүл зээлийн гэрээний хугацаа дуусч дахин “М Кредит” аппликейшнийг ашиглахгүй болох хүртэлх хугацаанд боловсруулж, ашиглахаас гадна цуглуулсан таны хувийн мэдээллийг өөрийн системд идэвхгүй төлөвт хугацаагүйгээр хадгалах.
- ББСБ нь цуглуулсан мэдээллийг ашиглан хэрэглэгчийг тодорхойлох боломжгүй болгож эрдэм шинжилгээ, нээлттэй өгөгдөл, статистикийн мэдээлэл бэлтгэх.
- ББСБ нь технологид суурилсан зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байгаатай холбогдуулан технологийн компанитай хамтран ажиллаж болох бөгөөд хамтран ажиллах гэрээний хүрээнд таны хувийн мэдээллийг дамжуулах.
- Технологийн компани нь зөвхөн ББСБ-ийн технологийг хөгжүүлэх зорилгоор таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж ашиглана.
3. ХЭРЭГЛЭГЧ НЬ ДАРААХ ҮҮРЭГТЭЙ
- Зээлийн хүсэлтэд дурдсан мэдээлэл болон зээлийн шийдвэрт нөлөөлөх аливаа бичиг баримт, мэдээллийг үнэн зөвөөр гарган өгөх;
- Алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл өгч тусгуулах;
- Хуурамч мэдээлэл оруулахгүй байх;
- Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх;
- Хэрэв Та хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд ББСБ таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
- Хэрэв Та бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол ББСБ таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй. Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч болон ББСБ-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.
- ББСБ нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “М Кредит” зээлийн аппликэйшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликэйшнд хандах таны хандалт, хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
4. ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ
Зээлийн нөхцөл:
- Зээлийн дүн: 50,000 төгрөг – 5,000,000 төгрөг
- Зээлийн эргэн төлөлт: Таны сонголтоор буюу 1, 3, 6, 9, 12 сар, 24 сар хүртэл /Авч буй зээлийн дүнгээс хамаарч/
- Мөн та ямар ч хугацаатай зээл авсан тухайн зээлээ 3 /гурав/ удаа сунгах эрхтэй.
- Хүү: Сарын 3,5%-6,0% (Зээлдэгчийн зэрэглэлээс хамаарч тогтооно.)
- Үйлчилгээний шимтгэл 1% ба тус шимтгэл нь аппликэйшний систем, мэдээлэл технологи болон цахим аюулгүй байдлын зардал болно.
5. БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗЭЭЛЭЭР АВАХ НӨХЦӨЛ:
- Зээлийн мөнгөн дүнгээс хамаарч үндсэн төлбөрийг 15 хоногийн зайтайгаар 30 - 60 хоногийн хугацаанд хүүгүй 1-4 хуваан төлөх;
- Хүүгүй хуваан төлөх хугацааны дотор төлбөр төлөөгүй тохиолдолд хүү тооцогдоно.
- Бараа, үйлчилгээний төлбөрийн баримтыг ББСБ олгохгүй бөгөөд бараа, үйлчилгээ үзүүлсэн тал олгоно.
6. “СОЛОМОН ИНВЕСТМЕНТС ББСБ” ХХК-ИЙН “М Кредит” ЗЭЭЛИЙН АППЛИКЭЙШНТЭЙ ХОЛБОООТОЙ ЭРХ, ҮҮРЭГ
- Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах.
- ББСБ нь дараах тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр зээлжих эрхийг түр хаах, шаардлагатай бол гэрээг дуусгавар болгоно.
Үүнд, хэрэглэгч:- Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн;
- Зээлийг хууль бус үйл ажиллагаанд ашигласан;
- Худал мэдээлэл өгсөн;
- Хууран мэхэлсэн;
- ББСБ-ийн үйл ажиллагаанд саад учруулсан;
- “М Кредит” зээлийн үйлчилгээг бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан;
- Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон;
- Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн хэрэглэгчийн зээлийн эрхийг хаах, шаардлагатай тохиолдолд зээлийн эрхийг түр хаах болон цуцлах;
7. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ
ББСБ нь таны оруулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй, бусдад задруулахгүй, нийтэд ил болгохгүй байх үүрэгтэй. Мөн мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
- “М Кредит” аппликэйшн нь хэрэглэгчийн холбоо барих жагсаалт руу хандаж буй зорилго нь таны найзын хүрээллийг тодорхойлох, мөн хэрэглэгчийн холбоо барих жагсаалт, байршлын мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж зээлийн эрхийг тогтоох болон өөрийн идэвхитэй ашиглаж буй утаснаас хандаж байгаа эсэхийг тогтоох байх бөгөөд өөр ямар нэгэн зорилгоор хэрэглэгчийн холбоо барих жагсаалтыг цуглуулж, боловсруулж, ашиглахгүй.
- “М Кредит” нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг нууцаар цуглуулахгүй, мөн ямар нэгэн үндэслэлгүй байдлаар зорилгоосоо өөрөөр хэрэглэхггүй.
- “М Кредит” нь өгөгдлийн найдвартай байдлыг хангаж ажилладаг бөгөөд стандарт шифрлэлт, мэдээлэл алдахаас сэргийлэх техник технологийг ашигладаг. Мэдээлэл хамгаалах бүх шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг болно.
- “М Кредит” аппликэйшний программ хангамж нь Хэрэглэгчийн үндсэн мэдээлэл, зээлийн болон эргэн төлөлтийн талаарх мэдээллийг автоматаар серверт архивлан хадгалах ба цаасан баримтыг архивд хадгална.
- “М Кредит” аппликэйшний программ хангамж, систем нь Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалахуйц техникийн нөхцлийг бүрэн хангасан байна. Үүнд хэрэглэгчийн хувийн мэдээллээс гадна ББСБ-аас авч буй үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг хамруулан ойлгоно.
- Хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулсан мэдээллийг Үйлчилгээний нөхцөлд зааснаас өөрөөр ашиглах, хамааралгүй гуравдагч этгээдэд задруулахыг хориглох ба мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
- Хэрэглэгч аппликэйшнийг татан авч, бүртгүүлэх болон ашиглах үед өөрийн мэдээллийн нууцлал хангахыг Хэрэглэгчид сануулж, Хэрэглэгчтэй байгуулах гэрээнд энэ талаар дараах байдлаар тодорхой тусгасан байна.
- Аппликэйшнд хандах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц кодыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;
- Хэрэглэгчийн гүйлгээний нууцлалын тохиргоог өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлтөөс үүдэн бий болсон, өөрөөс хамаарсан асуудал, үр дагавар, хохирлыг бие даан хариуцах;
- Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн зээлийн дансанд эрх олгогдоогүй шилжүүлэг хийгдсэн тухай мэдсэн, өөрийн зээлийн эрхтэй холбоотой бүртгэлийн аливаа алдаа, зөрчил дутагдлыг илрүүлсэн болон өөрийн нууц код, бусад кодыг эрх олгогдоогүй гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй тухай сэжиглэж байвал нэн даруй нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо солих, ББСБ ХХК-д мэдэгдэх;
- Гэрээнд заасан үүргийг биелүүлээгүйн улмаас болон биелүүлсэн ч хугацаа алдсаны улмаас үүссэн хохирлыг цахим зээлийн эрх эзэмшигч өөрөө бүрэн хариуцах;
- Аппликэйшнд ашиглагдах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц код болон бусад мэдээллийн нууцлалыг хадгалах, өөрийн буруутай үйл ажиллагаанаас тус мэдээллүүд алдагдсан тохиолдолд хариуцлагыг өөрөө бүрэн хүлээх;
Үйлчилгээ авахаас өмнө татгалзсан хэрэглэгч бүртгэлээ устгуулах хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд ажлын 5 хоногт багтаан хэрэглэгчийг идэвхгүй төлөвт оруулах ба дахин бүртгүүлэх боломжгүй болгох үүднээс регистрийн дугаар, утасны дугаар, овог, нэрийн бүртгэлээс бусад мэдээллийг устгана.
- Хэрэглэгчийн бүртгэлтэй мэдээлэлд хуулийн дагуу өөрчлөлт орсон;
- Алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл өгч тусгуулах;
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу хэрэглэгч өөрийн мэдээллийг устгуулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж хүсэлт гаргах;
- Хэрэглэгч “М Кредит” аппликэйшнийг дахин ашиглахгүй гэдгээ албан хүсэлтээр илгээн өөрийн мэдээллийг устгуулах.
- Хэрэглэгч “М Кредит” аппликэйшнд бүртгэлтэй өөрийн алдаатай мэдээллийг залруулах, мэдээлэлд өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл тусгуулах тохиолдолд support@mcredit.mn цахим шуудан руу хүсэлтээ илгээнэ.
- Хэрэглэгч “М Кредит” аппликэйшнийг дахин ашиглахгүй гэдгээ мэдэгдэн мэдээллээ устгуулах тохиолдолд “М Кредит” аппликейшнд хэрэглэгчийн бүртгэлээр нэвтэрч “Миний мэдээлэл” цэснээс “Устгах хүсэлт” цэсийг сонгож хүсэлтээ илгээнэ.
8. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
Уг үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар таны “М Кредит” зээлийн аппликэйшнд мэдэгдэнэ. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор уг өөрчлөлтийг үл хүлээн зөвшөөрсөн талаар мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
9. БУСАД
Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Та хүлээн зөвшөөрч “М Кредит” зээлийн аппликэйшнд өөрийн санхүүгийн мэдээллийг үнэн зөв бөглөнө. Цаашлаад хувийн болон барьцааны мэдээллийг үнэн зөв гэдгийг үндэсний дата төвийн ДАН нэвтрэлтийн системээр баталгаажуулна. Хэрэв “М Кредит” зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг Та худал бөглөсөн тохиолдолд ББСБ-ийн зүгээс гэрээ байгуулахад татгалзах шалтгаан болж болно. Энэ тохиолдолд Таны хохирлыг ББСБ-ийн зүгээс хариуцахгүй болохыг анхаарна уу.
Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, “М Кредит” зээлийн аппликэйшнийг ашигласан нь та болон ББСБ-ийн хооронд зээлийн гэрээ байгуулсан, эсхүл ББСБ нь танд зээл олгох амлалт өгсөн, гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар ББСБ-ийн эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг танд олгохгүй болно.
10. САНАЛ ХҮСЭЛТ
Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байгаа бол support@mcredit.mn цахим шуудан руу хандана уу. Бид таны асуудлыг шийдэхийн төлөө хичээж, ажиллах болно.
Холбоо барих мэдээлэл:
- Утас 7200-2060
- Цахим шуудан: support@mcredit.mn